Цаг үеийн мэдээ

“SPECIAL DAY: БОЛОМЖИЙГ БҮГДЭД НЬ” НЭГДСЭН ӨДӨРЛӨГ



Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “SPECIAL DAY: Боломжийг бүгдэд нь” нэгдсэн өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг 1,600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2026 оны 5 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд “SPECIAL DAY: Боломжийг бүгдэд нь” нэгдсэн өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

May be an image of one or more people, train, crowd and text

Тус өдөрлөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс болон "Гүүд Нейборс Монгол" ОУТББ, "Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын Сонгинохайрхан орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн баг хамтран зохион байгуулав.

Арга хэмжээнд дүүргийн 43 хорооны 300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамрууллаа.

Өдөрлөгийн хүрээнд чих хамар хоолойн эмчийн үзлэгт 221, зүрх судасны үзлэгт 176, уушги болон дотрын үзлэгт тус бүр 175, мэдрэлийн үзлэгт 174, нүдний үзлэгт 157, гэмтлийн үзлэгт 122 хүүхэд хамрагдсан байна.

Мөн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд онцгой анхаарч, нийт 304 хүүхдэд шүдний үзлэг хийснээс 65 хүүхдэд урьдчилан сэргийлэх шүдний түрхлэг, 110 хүүхдэд цоорлоос хамгаалах үйлчилгээ, 87 хүүхдэд ломбо эмчилгээ, 33 хүүхдэд шүд авалт, 9 хүүхдэд сувгийн эмчилгээ хийлээ.

May be an image of child and hospital

Энэхүү өдөрлөг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чанартай, хүртээмжтэй, чирэгдэлгүй тусламж үйлчилгээг нэг дороос хүргэсэн үр дүнтэй ажил боллоо. Хамтран ажилласан байгууллага, эмч, мэргэжилтэн, сайн дурын ажилтнууддаа талархал илэрхийлье.

“Боломжийг бүгдэд нь” — хүүхэд бүрт тэгш боломж, хүртээмжтэй үйлчилгээ.

 

ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУД