СУРГАЛТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Эхийн сүүгээр хооллолтын 7 хоногийн хүрээнд ээжүүдэд зориулсан сургалт, өдөрлөг амжилттай боллоо
Жил бүрийн наймдугаар сарын 1-7-нд дэлхий даяар тэмдэглэгддэг “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд Дэмжих төвийн Нөхөн үржихүйн кабинетаас ээжүүд, жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалт, танин мэдэхүйн өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд дараах агуулгуудыг хамрав:
• Эхийн сүүгээр дагнан хооллохын ач холбогдол
• Хүүхдийг зөв хөхүүлэхэд анхаарах зүйлс
Эхийн сүүгээр хүүхдийг дагнан хооллох нь дараах олон талын ач холбогдолтой:
• Хүүхдийн дархлааг дэмжиж, өвчлөмтгий байдлыг бууруулна. Эхийн сүү нь хүүхдийг халдварт болон архаг өвчнөөс хамгаалдаг биологийн идэвхт бодисуудаар баялаг.
• Сэтгэлзүй, тархины хөгжилд эерэгээр нөлөөлнө. Эхийн сүүгээр хооллосон хүүхдүүдийн танин мэдэхүй, суралцах чадвар илүү сайн хөгждөг гэж судалгаагаар тогтоогдсон.
• Ээж, хүүхдийн дотно холбоог гүнзгийрүүлнэ. Хүүхдээ хөхөөр хооллох нь эх, хүүхдийн хоорондын сэтгэл хөдлөлийн холбоог бэхжүүлж, хүүхдэд аюулгүй, хайртай мэдрэмж төрүүлдэг.
• Эхийн эрүүл мэндэд ч ашигтай. Хөхөөр хооллолт нь төрсний дараах цус алдалт багасгах, жирэмслэлтээс сэргийлэх, хөхний болон өндгөвчийн хавдрын эрсдэлийг бууруулахад чухал нөлөөтэй.
Өдөрлөгийн үеэр гарын авлага, танилцуулга тарааж, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд зориулсан олон найрлагат бичил тэжээлийг оролцогч эхчүүдэд өглөө.
Эхийн сүү бол хүүхдийн хамгийн анхны, хамгийн төгс, байгалиас заяасан “дархлаажуулалт” юм. Бид хөхүүл ээж бүрийг дэмжихэд анхаарч, эрүүл хүүхэд, эрүүл ирээдүйн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна.






