ТАНЫ БЯЦХАН ҮРСИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД
Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгаас зөвлөж байна.
Хангалттай нойр: Хүүхэд бүр 21:00 цагт орондоо орж унтах ёстой. Энэ цагт унтаж чадвал хүүхдийн дархлаа дэмжих, өсөлтийг тэтгэх даавар ялгарч бидний үрс өсөж томрохоос гадна өдрийн стресс, биед нэвтэрсэн аливаа халдварыг устгах боломж бүрддэг.
Эрүүл хооллолт: Хүүхдэдээ ямагт өөрсдийн гараар бэлдсэн халуун хоол идүүлэх нь эцэг, эхэд ямар их баяр баясал төрүүлдэг билээ дээ. Тиймээс аливаа бэлэн бүтээгдэхүүнээс татгалзаж шимтэй сайн хоолоор үрсээ баярлуулаарай. Нэгэнт бид нар чихрийн хэрэглээг хорьж чадахгүй байгаа учраас зөвхөн хагас сайн өдөр гэр бүлээрээ чөлөөтэй чихэр иддэг "ЧИХРИЙН ӨДӨР"-тэй болж болох юм.
Эрүүл агаар, дасгал хөдөлгөөн: Хүүхдийг эрүүл байлгах хамгийн чухал бүрэлдэхүүнд хөдөлгөөн орно. Хүүхэд хэдий чинээ тоглож, гүйж харайж байна төдий чинээ чийрэг өсөж бойждог. Тиймээс хүүхдэдээ цаг гаргаж тоглож, амралтын өдрөөр агаар салхинд гарч байгаарай. Ингэж чадвал утасны хэрэглээ ч буурна шүү дээ.
Дархлаажуулалтад тогтмол хамрагдах: Вакцин бол хүн төрөлхтөн өндөр наслах, дэлхийн хүн амын тоо 8 тэрбум болтлоо нэмэгдэхэд нөлөөлсөн хамгийн чухал шинжлэх ухааны ололт юм. Тиймээс вакциндаа эргэлзэлгүй хамрагдаж байгаарай. Вакцин өвчлөхөөс хамгаалахгүй харин ХҮНДРЭХГҮЙ байх боломж бүрдүүлдэг гэдгийг бүү мартаарай.
Инээмсэглэл: Хүн хэдий чинээ их инээж байна төдий чинээ эрүүлжиж, стрессээ мартдаг. Инээгээгүй өнгөрөөсөн өдөр бүр эмгэнэл гэдэг. Тиймээс завгүй, яаруу амьдралтай аав, ээжүүд маань орой ажлаасаа хариад гэр бүлээрээ ширээ тойрон сууж оройн хоолоо хамтдаа идэж, өдөр болсон хөгжилтэй зүйлсээ бие биедээ ярьж инээж хөхрөн аз жаргалыг мэдрээрэй!






