НИЙСЛЭЛИЙН ХОШОЙ “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг 2025 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын “Шилдэг байгууллага”-аар 2 жил дараалан шалгарч эмнэлгийн нийт хамт олон, эрхэм үйлчлүүлэгч Та бүхэнтэй баярт мөчөө хуваалцаж буйдаа баяртай байна.
Мөн Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн Захирал Ц.Олонбаяр Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын “Шилдэг менежер”-ээр шалгарсанд баяр хүргэж, талархал дэвшүүлье.
“Аз жаргалтай-СХНЭ”-чүүд бид 2025 онд амжилт бүтээлээр дүүрэн байж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөөх үйлсэд бат зогсож, оношилгоо, эмчилгээний олон аргыг нэвтрүүлж дүүргийн хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж, үйлчилгээг нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэхэд илүүтэй анхаарч ажилласан бөгөөд улиран одож буй онд дараах онцлох ажлуудыг хийж хэрэгжүүллээ.
Хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг амбулаториор үзүүлж тусгай төв рүү явах урсгал ачааллыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна.
Чихрийн шижин өвчний үед нүдний хүндрэлийг илрүүлэх үзлэг, сонсголын бууралт, дүлийрэл тодорхойлох аудиометрийн оношилгоог амбулаториор үзүүлж хүндрэлээс сэргийлэх боломжийг бүрдүүллээ.
Алслагдсан хороодын хүн амд амны хөндийн эрүүл мэндийн үзлэгийг Явуулын тоноглосон автобусаар хүрч очиж тусламж, үйлчилгээ үзүүлдэг боллоо.
Төвлөрлийг бууруулах бодлогын хүрээнд Хавдрын үеийн тусламж, үйлчилгээг цогц байдлаар хүн амд үзүүлж байна. Ялангуяа хавдрын дурангийн мэс заслыг шинээр хийж 2025 онд 46 хүнд хавдрын мэс засал хийлээ.
Гэмтэл, согог заслын мэс заслын тусламж, үйлчилгээг илүү өргөжүүлж гэмтэл, эрүү нүүр, чих хамар хоолойн мэс заслын олон аргыг дүүргийн түвшинд хийдэг боллоо.
Тархины харвалтын үед Гавал, тархины мэс заслыг хийж эхлээд байна.
2025 онд нийт 26 эмч, мэргэжилтнүүд Америк, Япон, БНСУ, Хятад, Итали, Тайланд зэрэг 6 улс оронд хүүхэд, эмнэлгийн менежмент, мэс засал, сэргээн засах, дүрс оношилгоо, эмэгтэйчүүд, уламжлалт анагаах ухаан, дурангийн оношилгооны чиглэлээр урт болон богино хугацаагаар сургалт, семинарт оролцлоо.
Монгол Улсад анх удаа хожуу оношлогдсон өмөнгийн үед аарцгийн эрхтнийг бүнээр авах мэс заслыг Австралийн эмч нартай хамтран хийлээ.
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн нийт хамт олонд талархал дэвшүүлье!






