НЯРАЙН ТҮНХНИЙ ХЭТ АВИАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОНОШИЛГООНЫ КАБИНЕТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Анх 2007 оноос Монгол Швейцарын эмч нар хамтран Монгол улсад нярайн түнхний дутуу хөгжлийн эрт оношилгоо, эмчилгээний чиглэлээр ажиллаж эхэлсэн.
Монгол - Швейцарын хамтарсан “Хүүхдийн төсөл” -ийн хүрээнд Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт нярайн түнхний хэт авиан эрт илрүүлэг, оношилгооны кабинетыг дүүргийн эмнэлгүүдээс анх удаа нээж үйл ажиллагааг нь эхлүүлж байна. Төслийн хүрээнд Нэгдсэн эмнэлийн 9 эмчийг нярайн түнхний хэт авиан оношилгооны чиглэлээр сургаж бэлтгэсэн.
Уг кабинет нь орчин үеийн хэт авиан аппаратаар тоноглогдсон бөгөөд олон улсын стандартад нийцсэн оношилгоог нярайд хурдан хугацаанд хийх боломжтой. Энэхүү хамтын ажиллагаа нь нярай хүүхдийн хөгжлийг эрт үеэс нь хамгаалах, чанартай тусламж үйлчилгээг иргэддээ ойртуулах чухал алхам болж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож, Монгол Швейцарын хамтарсан “Хүүхдийн төсөл” -ийн зохицуулагч Ө.Мөнхтулга нар оролцлоо.