КАНАД УЛСЫН МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРТАЙ ХАМТАРСАН ХАГАЛГАА ХИЙЛЭЭ

Канад улсын цээжний хөндийн мэс заслын эмч Dr Sharon Ong, мэдээгүйжүүлэг болон эрчимт эмчилгээний эмч Dr Maha Lyer нар Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ажиллаж хамтын ажиллагааны хүрээнд Мэс заслын тасаг, Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн эмч нартай хамтран 4 хүнд өрцний ивэрхийг хэвлийн хөндийн дурангийн аргаар засах, цээжний хөндийн дурангийн аргаар симпатик мэдрэлийн салааг таслах мэс ажилбаруудыг амжилттай хийлээ.
Мэс заслын эмч Dr Sharon Ong Нэгдсэн эмнэлэгтэй олон жилийн өмнөөс хамтран ажиллаж байгаа бөгөөд эмч, мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах чиглэлээр ажлын байрны сургалт зохион байгуулах, хамтарсан мэс ажилбаруудыг хийж туршлагаа харилцан солилцох, эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.
Цаашид манай эмнэлэг олон улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагааг тогтмол өргөжүүлэн, иргэддээ чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх зорилго тавин ажиллаж байна.