Цаг үеийн мэдээ

ДҮҮРГИЙН ТҮВШИНД ЭЛЭГНИЙ ХАВДРЫГ ДУРАНГИЙН АРГААР АВАХ МЭС ЗАСЛЫГ ХИЙЛЭЭ



Эрүүл мэндийн сайдын тушаалаар төвлөрлийг сааруулах чиглэлээр хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээг орон нутаг, дүүргийн түвшний эмнэлгүүдэд хийхээр тусгаж, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг энэ ажлын хүрээнд хавдрын мэс заслын нэр төрлийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Монгол улсад оношлогдож буй нийт хорт хавдрын тохиолдлын 28.9% -ийг элэгний хорт хавдар эзэлж тэргүүлэх хавдар болж байна. Элэгний хавдрын үндсэн эмчилгээ нь мэс засал байдаг. Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч, сувилагч нар улсын хоёрдугаар төв элэг цөс, нойр булчирхайн хавдрын мэс заслын эмч Б.Ган-Эрдэнэ эмчтэй хамтарч 65 настай, элэгний С вирусийн халдвартай, хорт хавдрын 2 дугаар үе шатанд оношлогдсон, төвийн байрлалтай хавдрыг дурангийн аргаар мэс засал хийж авлаа.

 

Элэгний төвийн байрлалтай хавдар нь элэгний гол судсыг хамарч байрладаг учраас мэс ажилбарыг илүү төвөгтэй болгодог. Энэ төрлийн хавдрыг ихэвчлэн нээлттэй аргаар хийдэг бөгөөд нэгдсэн эмнэлгийн эмч нар дурангийн аргаар хийснээр үйлчлүүлэгчийн зовуурийг багасгаж, шарх хурдан эдгэх, хагалгааны дараах хүндрэл маш бага байдгаараа давуу талтай юм. Мэс заслын дараах 5 хоногт эмчлүүлэгч эмнэлгээс гарсан.

Иргэд элэгний хавдраас сэргийлэхийн тулд В, С вирусийн шинжилгээг өгөх, хэрэв вирус оношлогдсон тохиолдолд эмчийн хяналтад орж элэгний хатуурал, хавдраас сэргийлэх, 6 сар тутам эмчийн үзлэгт орох шаардлагатай.

 

САЛБАР АМБУЛАТОРИУД